ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС ЯМАР НЭГЭН ХОХИРОЛ УЧРААГҮЙ БАЙНА

Screenshot_20210722-150802_Chrome.jpg

Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урд зүгт 49 километрын зайнд /газар хөдлөлтийн төв өргөрөг N49027’21.73”, уртраг E106046’41.87”/ 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 12 минут 51 секундэд 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон.
Тус мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн 17 сумын Засаг дарга нартай холбогдож мэдээлэл тодруулахад Баянгол, Жавхлант, Мандал, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Сүхбаатар, Хүдэр, Хушаат, Шаамар гэсэн 12 сумдын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Алтанбулаг, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур гэсэн 5 сумдын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн дээрх сумдад одоогийн байдлаар ямар нэгэн хохирол учраагүй гэсэн мэдээллийг өглөө.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД АВАХ
АРГА ХЭМЖЭЭ

  • Өвдөглөн доош сууж, толгой мөрөө халхлан мөлхөөд даацын хана, ширээ гэх мэт зүйлсийн дор хөл гараа гаргалгүй бүтэн биеэрээ орж, тогтвортой зүйлээс чичирхийлэл зогстол сайн зуурч барина.
    Байшин дотор байгаа бол гадаа гаралгүй, гарах гарцыг хаалгүйгээр чичирхийлэл зогстол хүлээнэ. Цонх, толь, гэрлэн бүрхүүл, үзүүртэй зүйлс, хүнд тавилгаас холдоно.
  • Унтаж байх үед газар хөдөлбөл толгой, хүзүүгээ дэрээр хурдан халхалж гэрлийн бүрхүүл унаж орж ирэх үеийн эрсдэлээс хамгаална.
  • Машинд явж байх үед газар хөдөлбөл аль болох өндөр барилга, мод, гүүр, нүхэн гарц, цахилгааны шонгоос холдож замаас гарч зогсон чичирхийлэл зогстол машин дотор хүлээнэ.
  • Өндөр барилга дотроос гарахдаа цахилгаан шатнаас татгалзаж явган шат ашиглана. Цахилгаан шат гацах аюултай.
  • Уул хадтай газарт хад чулуу нурах аюултайг анхаарна.

Газар хөдлөлтийг аюул багатай давах бэлтгэл:

  • Хананд өлгөдөг зүйлсийг маш сайн бэхлэх /ханын зураг, ханын зурагт гэх мэт/. – Дээрээс унаж дарж болзошгүй зүйлсийг аль болох доогуур байрлуулах.
  • Доош суух, биеэ халхлах, сайн барих гэсэн дээр дурдсан дүрмийг гэртээ давтах, хүүхдүүддээ зааж өгөх, хамт давтах.
  • Гэр бүлээрээ онцгой байдлын төлөвлөгөөтэй болж, хэрвээ холдож салсан үед хаана уулзахаа товлосон газартай болох /газар хөдлөлтийн үед маш олон хүмүүс төөрч алга болдог/

Онцгой байдлын нөөц:

  • Хамгийн багаар тооцоход 3 хоногийн усны нөөц
  • Удаан хадгалах боломжтой лаазалсан ба ууттай хүнс
  • Дохио өгөх зориулалттай үлээдэг шүгэл
  • Гар хөлийг бүрэн халхлах бат бэх хувцас, зузаан ултай гутал
  • Дээрээ чийдэнтэй каскан малгай
  • Гар чийдэн
  • Галын хор
  • Зайгаар ажилладаг жижиг оврын холбооны хэрэгсэл
  • Эм болон анхны тусламжийн хайрцаг
    Олон төрлийн батерей зай
  • Утас цэнэглэх хэрэгслүүд /нар, салхины эрчим хүчээр ажилладаг цэнэглэгч/

Байгалийн гамшгийн даатгалд хамрагдах:

  • Өөрийн болон байрны зохион байгуулалтыг газар хөдлөлтөнд тэсвэртэй болгон өөрчлөх, засвар хийх
  • Байшин барилгаа хэдэн баллын газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартайг мэдэх
  • Байшин барилгын аюулгүйн гарц, зохион байгуулалтыг мэддэг байх

Газар хөдлөлтийн чичирхийлэл зогсонгуут авах арга хэмжээ:

  • Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн бэртэж гэмтсэн эсэхийг шалгана.
  • Шаадлагатай бол анхны тусламж үзүүлнэ.
  • Хэрвээ байшин барилга нь нурсан бол гадагш аль болох хурдан гарч, нурж буй байшингаас холдоно.
  • Нурж буй, гал гарч буй байшинд барилга руу орохгүй байх.
  • Гарах боломжгүй битүү байдалд хашигдсан бол ам хамраа даавуугаар боож таглан утас, боломжтой бүх зүйлээр холбоо барьж, шүглээ үлээж, шугам хоолойг цохиж аврагчдад чимээ өгч, өөрийн байрлалыг мэдээлэх.
  • Усан дотор байгаа бол яаралтай уснаас гарах, өндөрлөг хэсэг рүү хүрэх.
  • Утасны цэнэгээ зөвхөн холбоо барихад ашиглах.
  • Баттерейгаар ажилладаг радио гэх мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээ хүлээн авч, онцгой байдлын зааврыг дагаж биелүүлэх
scroll to top