
Гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлан таниулах, болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Мандал сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс хамтран Ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн сурагчдын дунд “Алтан хонх” тэмцээнийг тус хэлтсийн “Соёмбо” танхимд зохион байгууллаа.


Тус тэмцээний эхний гурван байрт шалгарсан сурагчдад Мандал сумын ИТХ-ын дарга Н.Эрдэнэцэцэг, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн захирагч, хошууч Э.Энхбаяр нар шагналыг нь гардууллаа.

Мандал сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн 65 сурагч мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн тус тэмцээний нэгдүгээр байранд З дугаар сургуулийн 10а ангийн сурагч Б.Хэрлэн, 2-р байранд 2 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Х.Номин, 3-р байранд Түнхэл сургуулийн сурагч Ө.Сейт нар шалгарч, Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг “Арцат” хүүхдийн зусланд 5 хоног амрах эрхийн бичгээр шагнууллаа.
