Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Булган, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орж, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говийн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг үүр, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус, Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус , бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурна. Салхи 14-нд зарим газраар 14-16 м/с, 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. 14-15-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 4 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 10:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч 2 автомашинтай 2.5 км замыг туулан 10:47 цагт очиж, 4х7 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз багийн 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.4 км замыг туулан 13:20 минутад очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 04:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 04:50 цагт очиж, иргэн Ц-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 5х4 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг, иргэн Т-ын 67-49 УБВ улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top