Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймагт хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говь, талын нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 6-11 м/с, 25-27 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 28-нд зүүн аймгуудын нутгийн хойд, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 27, 29-нд нутгийн зарим газраар, 28-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын Гуа багийн “Задгай”-д хашаанд хураасан 700 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 10:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Хар хорин сум дах  Гал түймэр унтраах, аврах  45 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 55 км зам туулан 11:56 цагт очиж 1 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн “Төмөртэй-Овоо” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 13 км-т/ “Цайрт менерал” ХХК-ийн 10х4 метрийн хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 23:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 23:38 цагт очиж 1 цаг 23 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 14:46 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт 8 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 14:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.7 км зам туулан 14:54 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт 5х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 09.25-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 17:23 цагт очиж 28 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн “Уран мандал” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 210 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.24-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, орон нутгийн 108 хүн, нийт 120 хүн, 20 автомашинтай унтраахаар ажиллаж 09:25-ны өдрийн 13:45 цагт цурманд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. 

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” ууланд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат иргэн П /40 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд 09.20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан К 09.21-ний өдрийн 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт “Алтай таван богд” уулын чиглэлд хөдөлгөөн үйлдэж, мөн өдрийн 17:30 цагт тус уулын “Байгаль орчны хамгаалалтын пост” гэдэг газар буюу “Бест камп” хамгаалалтын цэгт очсон. 09.25-ны өдрийн байдлаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын шийдвэрээр мөн өдрийн 09:00 цагаас “Бест камп” хамгаалалтын цэг гэдэг газраас “Ерөнхийлөгчийн-Овоо” гэдэг газар хүртэл 22 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. “Алтай таван богд” ууланд 09.25-ны өдрийн 19:10 цагаас эхлэн 23:00 цаг хүртэл цас орсон. Тус аймгийн Цагдаагийн байгууллагад тухайн иргэнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулах тухай хүсэлтийг 09.23-ны өдөр хүргүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top