Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Булган, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун болон говь, зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн төв хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар аадар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсаннийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 06:25 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 06:32 цагт очиж, иргэн Г-ийн 5х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн ‘’Шонтой мөргүү’’ гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 10 км-т/ иргэн Н-ийн эзэмшлийн “Марк-2” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 19:15 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 35 дугаар гудамжинд Иргэн Э-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 20:20 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 20:24 цагт очиж, 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Энхтайваны гудамжинд Иргэн М-ийн гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 21:10 цагт очиж, 4 ханатай гэр, 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “52-ын даваа” гэдэг газар автозамын зорчих хэсэгт зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.04-ний өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 50 км замыг туулан 17:51 цагт очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн жолоодож явсан “Ренжровер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж,  “Приус-20” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад, тус автомашинд зорчиж явсан иргэн Б /44 настай, эмэгтэй/, иргэн С/27 настай, эрэгтэй/, иргэн Т/25 настай, эрэгтэй/ нар цээж, гар, хөл хэсгээрээ бэртэж гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлж Эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн 37 дугаар байранд Иргэн Э /64 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.28-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 14:20 цагт хүлээн авсан. 07.03-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Хилийн 0198 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 14 алба хаагч, 2 автомашин, тус сумын 12 иргэн, 1 автомашин, 5 мотоцикл, ар гэрийн 6 хүн, 1 мотоцикл, нийт 52 хүн, 10 техник хэрэгсэлтэй 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус багийн “Элст манхан” гэдэг газраас “Гүйдэг манхан”, “Мөнхийн дархан хил” гэдэг хөшөө хүртэл  8 км-т явганаар, 2,3 дугаар бүлэг “Халхын гол”-ын гүүр гэдэг газраас “Ерэнбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 15 км-т “Халхын гол”-ын эрэг дагуу завиар болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.03-ны өдрийн 20:10 цагаас 07.05-ны өдөр хүртэл түр зогсоосон.

 Усны осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Улаанбаатар хотоос Төв аймгийн Алтанбулаг сум явах автозам дагуу “Хадан хясаа” гэдэг газар /Улаанбаатар хотоос 40 км-т/ 07.03-ны өдрийн 21:00 цагийн орчим “Туул” голд хүн осолдож, цогцос нь голын салаанд байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 20:53 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 07.04-ний өдрийн 07:11 цагт очиж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч иргэн Ө /52 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд Тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. 07.04-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завь, Өлгий сумын 7 иргэн, 1 автомашин, ар гэрийн 13 хүн, 3 автомашин, нийт 26 хүн, 5 автомашин, 1 завьтайгаар 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Өлгий сумын “Ховд гол” багийн “Соёмбот уул” гэдэг газраас Бугат сумын “Хатуугийн цутгалан” гэдэг газар хүртэл 25 км-т автомашинаар, 2 дугаар бүлэг “Соёмбот” уулнаас “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 3 км-т явганаар, 3 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Хатуугийн цутгалан” гэдэг газар хүртэл 17 км-т усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 7 удаагийн гүний шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:15 цагт түр зогсоосон. 07.05-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.   

Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, барилгын 4 дүгээр давхрын тагтнаас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 07.04-ний өдрийн 06:09 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 06:18 цагт очиж, тус байрны 4 дүгээр давхарт оршин суугч иргэн Э /48 настай, эмэгтэй, согтуу байсан/ тагтнаас зүүгдэн үсрэх гэж байсныг гэрийнх нь хаалгыг эвдэн орж тухайн иргэнийг тагтнаас буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Амиа хорлолт: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Улаанбаатар менежмент” ХХК-ийн агуулахын өргөгч цамхаг дээр /30 метрийн өндөртэй/ боомилж нас барсан хүний цогцос байна, буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 07.04-ний өдрийн 09:37 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13.5 км замыг туулан 09:54 цагт очиж, тус дүүргийн 20 дугаар хорооны харьяат иргэн Т/33 настай, эрэгтэй/-ийн цогцсыг буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн “Номч булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ тус сумын харьяат малчин Д-ийн 6 ханатай гэр 07.04-ний өдрийн 00:30 цагийн орчим бүрэн шатаж, гал түймэрт малчин Д /43 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийг тус сумын цагдаа, ахлах ахлагч Н.Батбямба 07.05-ны өдрийн 01:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэслэгч Н.Норовсүрэнгээр ахлуулсан 3 алба хаагч, 1 автомашинтай 07.05-ны өдрийн 03:20 цагт очиж, үзлэг, шалгалт хийж ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top