600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн АВРАГЧ

15609611245d0a6064d67f5.jpg

Т.Гэрэл

-Онцгой байдлын байгууллагын түүхт 15 жилийн ой тохиож байгаа энэ цаг мөчид НОБГ-ын нийслэлийн Аврах ангийн аврагч, ахлах ахлагч М.Мөнхмандахтай ярилцлаа.

Та өөрийн ажилладаг 105 дугаар ангийнхаа талаар товчхон мэдээллийг манай уншигчдад хүргэхгүй юу?

-Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан нэн хариуцлагатай бахархалт энэ албанд оюун ухаан, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулж ирсэн үе, үеийн удирдлага, алба хаагчдадаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Манай Нийслэлийн Аврах анги 105 нь анх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 435 дугаар тогтоолоор Ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрүүдийг удирдах ерөнхий газрын харьяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр 1969 оны 03 дугаар сарын 25-ны өдөр анх байгуулагдсан түүхтэй юм. Манай анги хамт олон өнгөрсөн 15 жилийн хугацаанд 11 мянга гаруй удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, зөвхөн сүүлийн 5 жилд нийт 7000 гаруй эрдэнэт хүний амь насыг аварч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 5,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Энэ нь Онцгой байдлын албаны энх цагийн эрэлхэг баатруудын төр, ард түмнийхээ өмнө байгуулсан түүхэн гавьяа гэдгийг энэ цаг мөчид онцлон хэлмээр байна.

-Өөрийн тань хувьд Онцгой байдлын байгууллагатай ажил, амьдралаа холбоод хэдэн жил болж байна вэ. Амь өрссөн энэ ажлыг яагаад сонгох болов?

-Коллеж ээ төгсөөд Зэвсэгт хүчний 122 дугаар ангид усчин аврагчаар анх ажилд орж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 20 жил энэ албандаа хүчин зүтгэсэн байна. Хүнд хэцүү ч гэсэн ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалдаг болохоор ажил мэргэжилдээ илүү их дурлаж, амьдралынхаа 20 жилийг зориулсан байх гэж боддог.

-Өнөөдрийн байдлаар ойролцоогоор хэчнээн аврах ажиллагаанд оролцож, хэдэн хүн аварсан бэ?

-20 жилийн хугацаанд нийт 500 гаруй дуудлагад явж, ойролцоогоор 600 гаруй хүний амь насыг авран хамгаалсан болов уу гэж бодож байна.

-Сэтгэлд тань хамгийн тодоор бичигдэж үлдсэн аврах ажиллагаа юу байв?

-Хамгийн анх аврагч болоод Төв аймгийн Лүн сум руу усны ослын дуудлагад явсан маань санаанаас гардаггүй юм. Тэгж л анх аврагчийн ажилтай танилцаж байсан болохоор сэтгэлд хамгийн тодхон байдаг юм. Уг нь долоо хоногийн томилолттой очсон ч 14 хоног эрлийн ажиллагаа үргэлжилсэн. Анхных байсныг хэлэх үү 14 хоног гол дотор эрлийн ажиллагаа явуулсан болохоор тухайн үедээ их л хэцүү санагдаж байсан. 

-Ажиллагаанд явах бүрт ар гэрийнхэн тань санаа зовж л суудаг байх даа. Амь өрссөн энэ албанаасаа шантрах тохиолдол гарч байв уу? 

-Амархан аврах ажиллагаа гэж байдаггүй учраас шантрах үе байлгүй л яахав. Гэхдээ ажиллагаагаа амжилттай биелүүлж ард нь гарчихаад “Би энэ хүмүүсийг аюул ослоос авран хамгаалсан” гээд бодохоор  өөрөөрөө бахархах сэтгэл төрж, дахиад ажиллах урам зориг авдаг. Тэгж явсаар 20 жилийг ардаа үджээ.

-Амь өрссөн ажиллагаанд хэр их явж байв. Ингээд л үхдэг юм байж гэж бодогдох үе байв уу?

-Би одоо ингээд л үхлээ дээ гэж бодож байсан үе бий. Гэхдээ олон тийм үе байсангүй.  Хоёр хүн шороонд дарагдсан дуудлагаар очоод аврах ажиллагаа явуулж байх үед шороо нурж шороонд дарагдаж байсан. Тухайн үед би ингээд гарч чадахгүй үхчихвэл яана аа гэж бодож байсан ч нөхдийнхөө ачаар аюулгүй гарч чадсан. 

-Аврагч байхын сайхан нь  юу вэ?

-Аваар ослын дуудлагаар очоод аврах ажиллагаа явуулж хүний амь нас, эд хөрөнгийг нь авран хамгаалчихаад тухайн хүмүүсээс чин сэтгэлийн баяр, талархлын үг сонсох хамгийн сайхан мэдрэмж байдаг. 

-Харахад нүд хальтрам дүр зураг олныг харж байсан байх. Хэдийгээр энэ нь та бүхний ажил ч гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад яаж анхаардаг юм бэ? 

-Шинэ орж ирж байгаа залуучуудын хувьд хүндээр тусах тохиолдол бий. Олон жил ажилласан бидний хувьд бол хэр баргийн зүйлд цочирдохоо больчихсон. Ажил маань ч тийм байхыг шаарддаг. Мэдээж бидний ажил амаргүй нүд хальтрам зүйл зөндөө бий. Гэхдээ тиймэрхүү зүйлийг харж цочирдоод, сэтгэлээр унаад байвал ажилдаа төвлөрч, аврах ажиллагаагаа үр дүнтэй явуулахад хүндрэлтэй шүү дээ. 

-Таны хувьд сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг дуудлага ямар төрлийн дуудлага байдаг вэ?

-Би өөрсдийнхөө сайн сайхан амьдралын төлөө өндөр настай ээж, аавыгаа ямар ч хараа хяналтгүй гэрт ганцааранг үлдээчхээд явчихдаг хүмүүсийг их гайхдаг. Иймэрхүү байдлаар гэртээ ганцаараа үлдээд амь насаа алдсан хэд хэдэн дуудлага дээр очиж байсан. Тухайлбал, нэг байрны оршин суугчдаас “Хажуу айлаас эвгүй үнэр гараад байна. Ирээд хаалгыг нь онгойлгоод өгөөч” гэсэн дуудлага ирсний дагуу бид очоод хаалгыг нь эвдээд ороход нэг настай хүн амьсгал хураагаад бүр удчихсан цогцос нь үнэр ороод өтчихсөн байсан. Энэ бол цэвэр үр хүүхдүүдийнх нь муугийнх шүү дээ.  Тиймээс иймэрхүү дуудлага дээр очихоороо өөрийн эрхгүй сэтгэл өвдөж, эмзэглэдэг. 

-Ер нь танайд ямар төрлийн дуудлага хамгийн их ирдэг вэ?

-Сүүлийн үед өндрөөс унаж амиа хорлохтой холбоотой дуудлага маш их ирж байгаа. Гол шалтгаан нь архи эсвэл хайр сэтгэл, хардалттаа холбоотой байдаг. Энэ төрлийн аврах ажиллагааг явуулахад их хүндрэлтэй байдаг. Нэг л илүү хөдөлгөөн хийвэл үсэрчих гээд их хэцүү.

-Ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. 

Эх сурвалж: zaluu.com

scroll to top